Tuesday, January 22, 2013

Төр ба Христийнхэн




Монголчууд бид төрөөсөө их юм харж амьдрах юм даа. Бид өөрсдөө сэтгэлээрээ л өөрчилчих ёстой юмыг төрөөс хүчээр зохицуулж байхыг өөрсдөө шаарддаг бөгөөд үүнийхээ төлөөсөнд өөрсдийн эрх чөлөөгөө төрдөө эргүүлэн өгч байдаг.

Хүний нийгмийн амьдралд төр хүн бүрт адилхан эрх, эрх чөлөө, ижил боломж олгох үндсэн үүрэгтэй. Гэвч өнөөгийн Монголын нийгэмд төр нь ард түмэндээ хэрхэн амьдрах ёстойг нь юунд итгэх ёстойг нь заах болжээ.

Монголын ийм нийгэмд Христэд итгэгч монголчуудад хандах хандлага тун эмзэг зүйл юм. 90-ээд оны эхнээс ардчилал эрх чөлөөний салхи салхилсан тэр үед хүн байдалтай байсан Монголын нийгмийн ачааг гадаадын Христэд итгэгчид нэлээд үүрэлцэж байв. Гудамжны хүүхдүүдээс эхлээд адгийн архичид болон элдвийн хүнд өвчтэй хүмүүст хүрч үйлчилэх ямар л хүмүүнлэгийн ажил байна тэр бүхнийг Христэд итгэгчид л өөрсдийн итгэл үнэмшилдээ тулгуурлан хийж төрийн хүч хүрэхгүй байсан олон нийгмийн асуудлуудыг шийдэлцсээр ирсэнийг хэн ч үгүйсгэхгүй. Христэд итгэгчид нийгмийн эмзэг давхаргийн хүмүүсийн амьдралын зовлонг бага ч болов  нэмэглэх, тэдэнд амьдралын утга учир, өөрсдийн хувийн үнэ цэнэ, үнэт зүйлсээ ухааран амьдралаа өөдрөгөөр хараад зогсохгүй бусдын амьдралд сайнаар нөлөөлөгч болгон өөрчилсөөр ирсэн. Мөн ч олон архичид архинаас гарч мөн ч олон нийгмийн засаршгүй гэмт хэрэгтэнүүд амьдралаа цэгц шудрага болгон олон өсвөр насныхан ёс суртахууны өндөр хэм хэмжээнд суралцан төлөвшсөн дөө.

Гэтэл өнөөдөр Христийн сүм цуглаан байгууллагуудыг зөвшөөрөл өгөхгүй байх зэргээр нэлээд дарамтлан хяхах болж. Хаа сайгүй бий болж газар сайгүй байгуулагдаж байгаа христийн янз бүрийн урсгалын сүм цуглаанууд болон нийгэмд Христэд итгэх итгэл үнэмшил дээрээ тулгуурлан сайн үйлс хийж байгаа байгууллага хувь хүмүүсийг өдгөө үндэсний аюулгүй байдалд занал хийлж байна гэх болжээ. Тэднийг гадны шашин гэх болж. Ардчилсан нийгэмд “гадны шашин” гэх ойлголт байх ёсгүй. Яагаад гэвэл хүн бүр итгэл бишрэлтэй байх эрхтэй. Хэнийг ч энэ эрхээ эдлэсэнийх нь төлөө гадуурхан ялгаварлах ёсгүй. Хэрэв бид ардчилалын ийн чухал үнэт зүйлийг хоосон хардалт сэрдэлт дээр үндэслэн үгүйсгэж чадаж байгаа бол цаашид хэрхэн ард иргэдийнхээ дунд шудрага ардчилалыг бий болгон төлөвшүүлэх билээ. Хэрэв монгол хүн итгэж бишэрч л байгаа бол тэр итгэлийн систэмийг монголын төр хамгаалах ёстой. Мэдээж бусдын эрх, эрх чөлөөнд халдсан, гэмт хэрэг нийгмийн ёсзүйд сөрөгөөр нөлөөлсөн, хүнийг хохироосон үзэл сурталтай шашны гаж номлолтой итгэлийн системийг аль болох оновчтой судлан тогтоож “хар дансанд” оруулж болно. Гэтэл Христэд итгэгчид өнөөг хүртэл монголын нийгэмд ийм гай, буруу нөлөөлөл үзүүлсэн гэж үү?

Мэдээж уулын мод урттай богинотой гэсэн ардын сайхан зүйр үг байдаг шиг. Христэд итгэгчдийн дотор бүтэх бүтэхгүй нөхөд байхыг үгүйсгэхгүй. Гэвч итгэлийн үндсэн систэмийг харвал энэхүү итгэл үнэмшил нь “өстөн дайснаа өрөвдөн хайрла” “хөршөө өөрийн адил хайрла” харыг цагаанаар мууг сайнаар дийлж сурах гэсэн ёсзүйн өндөр хэм хэмжээн дээр суурилсан байдгийг харахад л өнөөдөр монголын нийгэмд тэр ч бүү хэл улс төр болон бусад бүх салбарт төлөвшүүлэх сайлшгүй шаардлагатай үнэт зүйл болохыг харж болно.

Христэд итгэгчид Монголын нийгэмд ямар хор хөнөөл тарьж байна вэ? Ямар гэмт хэрэг өдөөж монгол хүний ямар үнэт зүйлийг устгаж байна? Хэрэв Христэд итгэдэг монгол хүнтэй уулзаж ярилцах аваас тэд бүгд л энэ улс орноо хайрласан, монгол хүнийг хайрласан сэтгэлтэй явдаг. Тэд бүгд л энэ улс орныг урагш явахад нь саад болж байгаа шудрага бус байдал, авилга хээл хахуулыг эсэргүүцэж, Монголыг монгол хүмүүс урагш авч явах болно гэдэгт энэ улсын ямар ч иргэдээс дутахааргүй (зарим тохиолдолд бүр илүү) итгэж үүнд хувь хүнийхээ хувьд чадах бүхнээ зориулан явж байдгийг мэдэрч болно.

Ер нь ч ардчилалын нэг үндсэн зарчим бол хүнийг гэм буруутай гэдгийг шүүхээр нотлоогүй цагт гэмтэн мэт хандахыг хориглосон байдаг. Түүнээс гадна хэн нэгэн этгээдийн алдаатай үйлдийг бусад ижил төстэй итгэл үнэмшилтэй хүмүүст давхар тохон нийт бүлгээр нь хоморголон буруутгах нь бидэнд эргээд 39 оныг л авчирах болно.

Сумын засаг дарга хүн орон нутгийнхаа телевизээр манай аймагт хэт олон Христийн сүм цуглаан байна тэдний тоог цөөлнө. Нэмж зөвшөөрөл өгөхгүй гэх мэтийн зүйл ярьж сууна гэдэг бол өөрийн сонгогдож гарч ирсэн ард түмнийхээ эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа явдал юм. Үүнийг нэгдүгээрт, төрийн зүгээс ард иргэдээ шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа явдал, хоёрдугаарт, ард түмнийхээ цөөнхөд (хэдий олон сүм цуглаан байгаа ч бид цөөнх хэвээрээ л байна) хандан гаргаж байгаа заналхийлэл, цаашилбал итгэл үнэмшилээрээ нэгдэн нийлэх эрхийг нь боймолж, өөрийн итгэл үнэмшилээ чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь хязгаарласан дарангуйлал гэж ойлгохоос өөр аргагүй.

Христэд итгэгчид бид өөрсдийн эрх эрх чөлөөний төлөө үгээ хэлж дуу хоолойгоо нийлүүлэх цаг болжээ. Бид Монголын 2-р зэргийн иргэд биш бусадтай адил итгэж бишрэх, итгэл үнэмшилээ чөлөөтэй илэрхийлэх бүрэн эрхтэй бөгөөд үүнийхээ төлөө төрийн зүгээс ямар ч буруутгал мэдрэх ёсгүй. Юунд итгэж хэзээ хаана нэгдэж нийлэн, итгэл үнэмшилээ бусадтай хуваалцан, илэрхийлэхийн тулд бид зөвшөөрөл авдаг нь буруу. Магадгүй үйл ажиллагаагаа тайлагнах, хийж байгаа ажил байгуулж байгаа байгууллага сүм цуглаанаа улсын бүртгэлд бүртгүүлэн хуулийн өмнө хариуцлага хүлээх нь зүйтэй зүйл байж болох.

Ер нь ч Христэд итгэгчдийн дунд газар доорх сүм (underground church) гэх ойлголт байдаг. Дэлхийн хязгаар хүртэл явж сайн мэдээг тунхаглан үндэстэнүүдийг миний дагалдагч болго гэсэн үндсэн үүрэгтэй энэхүү итгэлийг яаж хааж боосон ч тэд газар сайгүй ургасаар байх болно. Түүхийн турш тэд энэхүү үүргээ биелүүлэхийн төлөө амиа ч хайрлах хүмүүс биш гэдэг нь батлагдсан. Тиймээс төрийн зүгээс хэрэгжүүлж болох хамгийн зүйтэй арга бол тэдний чөлөөтэй үйл ажиллагаагаа явуулах эрхэнд нь халдалгүйгээр бүртгэж тэдний хийж байгаа ажил үйлчлэлийн тайланг тодорхой цаг хугацаанд гаргуулан авч нэгтгэн дүнгэж үзвээс Христэд итгэгч хэмээгч эдгээр хүмүүс чухам ямар нөлөөтэй ямар сайн сайхныг бүтээж чадах чадвартайг бэлхнээ харж чадна. Мэдээж тэдний дунд бусдын эрхэнд халдан хууль зөрчсөн үйлдэл илэрвэл хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн ажиллах нь зүйтэй боловч гэм зэмгүй яваатай нь хоморголон хандаж “та хэд хэт олуулаа болж болохгүй” гэсэн хар сэжигээр хандах нь төрийн үүрэг хариуцлага биш тэр ч бүү хэл ардчилсан нийгмийн үнэ цэнэ ч биш билээ.  

Tuesday, November 25, 2008

Шинэ блог нээгдлээ

Нэгийгээ байнга шинэчилэж чадахгүй байж яах гэж шинэ блог эхлүүлдэг байна аа гэж зарим хүн хэлэх байх. Гэхдээ тэр яахав ээ. БИ ШИНЭ БЛОГ ЭХЛҮҮЛЧИХЛЭЭ.

...АМЬДРАЛАА ГЭЖ...

Энэ шинэ блог маань илүү хувийн чанартай байх болно. Хэтээгийн дотоод амьдралыг сонирхож байвал ороод үзээрэй. Хуучин блог маань илүү орчуулга болон Христчин уран зохиолоор үргэлжлэх болно.

Даширамд хэлэхэд миний завны төлөө гуйгаарай. Хэд хэдэн номнуудыг орчуулан энэ VOLARE блогоороо уншигчиддаа танилцуулах санаатай байна.

Thursday, November 13, 2008

Есүс Ертөнцийн Эзэн мөн үү (төгсгөл)

Есүс өөрийгөө бүхнийг Бүтээгч нэгэн гэж тунхагласан гэж үү?

Гэтэл Есүс өөрийгөө Ертөнцийн Эзэний эрх мэдлийг илэрхийлж байсан төдий бөгөөд өөрийгөө үнэндээ Тэр бүтээгч гэж хэлээгүй байж болох уу? Өнгөц харахад энэ нь боломжтой мэт харагдах боловч Есүсийн хэлсэн тэнгэр дэлхийн бүх эрх мэдэл надад өгөдсөн гэх үгнээс харахад тэр өөрөө бүхнийг Бүтээгч байхаас өөр аргагүй болоод байна. ”Бүх” гэдэг үг нь бүгдийг хамруулсан утгатай бөгөөд үүнд бүх бүтээлүүд тэр чигээрээ багтна.

Есүсийн хэлсэн үгсийг нарийвчлан гүнзгий харахад нэгэн давталт илэрхий болох болно. Есүс өөрийнхөө талаар хэлсэн тэдгээр гоц үгс хэрэв үнэн бол гарцаагүй түүнийг Мөнхийн Эзэн байсан гэдэгт дүгнэлтэнд хүргэдэг. Доор түүнийг харсан хүмүүсийн хэлсэн тиймэрхүү үгсийн жагсаалт байна.

  • Би бол дахин амилалт болоод амьдрал юм. (Иоган 11:25)
  • Би хорвоогийн гэрэл (Иоган 8:12)
  • Би болон миний Эцэг нэг юм (Иоган 10:30)
  • Би бол альфа ба омега, эхэн ба сүүл, эхлэл ба төгсгөл. (Үзэгдэл 22:13)
  • Би бол зам үнэн амь (Иоган 14:6)
  • Би бол Эцэг рүү очих цор ганц зам (Иоган 14:6)
  • Хэрэв та нар намайг харсан бол миний Эцгийг харсантай адил (Иоган 14:9)

Бид эргээд үндсэн утга санааг нь харах хэрэгтэй. Еврей судар дээр Мүшэх Ертөнцийн Эзэнээс нэрийг нь асуухад Ертөнцийн Эзэн түүнд шатаж байгаа бутан дотороос “БИ” гэж хэлсэн байдаг. Үүгээрээ Тэр Мүшэхэд Өөрийгөө цорын ганц Бүтээгч бөгөөд мөнх оршигч цаг хугацаанд үл захирагдагч гэдгээ илэрхийлэн ойлгуулж байсан юм.

Мүшэхийн үеээс хойш ямар ч Еврей өөрийгөө болон бусдыг “БИ” хэмээн илэрхийлдэггүй байсан юм. Үүний үр дүнд Есүсийн “БИ” хэмээн хэлсэн үг болгон еврей удирдагч нарыг үнэхээр бухимдуулж байсан. Жишээлбэл нэгэн удаа зарим удирдагч нар Есүсийг яагаад алахыг хүсэж байгаа тухайгаа тайлбарлан хэлэхдээ “Чи энгийн нэгэн хүн байж өөрийгөө Ертөнцийн Эзэн хэмээн үзэж байна.” Гэсэн байдаг. (Иоган 10:33)

Иймэрхүү үг шашины удирдагч нарын уурыг хүргэж байсан нь гол асуудал биш юм. Харин тэд Есүсийн яг юу хэлээд байгааг үнэхээр сайн мэдэж байсан юм. Тэдний хувьд Есүс өөрийгөө Ертөнцийн Бүтээгч Их Эзэн хэмээн хэлж байсныг тэд ойлгосон байна. Зөвхөн иймэрхүү үгс л тэдний хувьд Ертөнцийн Эзэний доромжилсонд тооцогддог. Тэгэхээр өөрийгөө Ертөнцийн Эзэн гэж хэлсэн Есүсийн үгс төдийгүй сонссон хүмүүсийн тэр үгэнд үзүүлж байгаа хариу үйлдлээс харахад л Есүс үнэхээр өөрийгөө Бүтээгч Эзэн хэмээн тунхаглаж байсан нь тодорхой байдаг.

Тэр үнэхээр л Ертөнцийн Эзэн мөн билээ.

Monday, October 27, 2008

Есүс Ертөнцийн Эзэн мөн үү? (4 дэх хэсэг)

Есүс Өөрийгөө Ертөнцийн Эзэн гэж хэлсэн гэж үү?

Христийн сүм бий болж эхлэсэн тэр л цагаас хойш Есүс хүмүүстээ Их Эзэн гэж нэрлэгдэг байсан бөгөөд Есүст итгэгчид түүний Ертөнцийн Эзэн гэж мэддэг. Гэтэл түүнийг ийнхүү Агуу Ихэд тооцсон онол нь нэлээдгүй маргааныг бий болгосон юм. Тэгэхээр үндсэн асуулт бол /энэ бол үнэхээр үндсэн асуулт юм/: ЕСҮС өөрийгөө ЕРТӨНЦИЙН ЭЗЭН гэж тунхагласан уу эсвэл энэ нь Шинэ Гэрээг зохиосон хүмүүсийн үзэл бодол эсвэл санаанаасаа зохиосон зүйл байв уу? гэдэгт оршино.


Зарим эрдэмтэд Есүсийг үнэхээр авъяастай чадварлаг багш, гайхамшигтай зан чанартай хүн байсан учраас дагалдагч нар нь түүнийг Ертөнцийн Эзэн гэж бодоход хүржээ гэж итгэдэг. Эсвэл тэр дагалдагч нар нь Есүсийг Ертөнцийн Эзэн гэж бодохыг хүссэн байх гэж хэлэх хүн ч бий. Жон Доминик Кросан /John Dominic Crossan/ болон Есүс Семинарынхан (ер бусын гайхамшигийг эсэргүүцэн нотлох үзэлтэй эрдэмтэдийн нийгэмлэг) бол Есүсийн энэхүү тодорхойлолтонд эргэлздэг тэдгээр хүмүүсийн нэг хэсэг юм.

Хэдийгээр “Давинчи Код” зэргийн номууд Есүсийг Ертөнцийн Эзэн гэх онол нь түүний сүмийнхний сүүлд гаргасан онол гэж маргах боловч түүхийн эд мөрийн баримт бидэнд өөр зүйл харуулж байдаг. Сайн мэдээний номыг баттай хэмээн итгэн хүлээн зөвшөөрдөг ихэнхи итгэгчид Есүс өөрөө өөрийгөө Ертөнцийн Эзэн болохыг тунхаглан зарласан гэдэг хатуу байр суурьтай байдаг. Энэхүү байр суурь нь Есүсийн анхны дагалдагч нараас эхтэй болох нь тодорхой юм. Гэвч Есүсийг агуу багш байсан гэж хүлээн зөвшөөрөх мөртлөө түүнийг Ертөнцийн Эзэн байсаныг нь үл зөвшөөрөх хүмүүс байсаар л байна. Томас Жефферсон Есүсийг Ертөнцийн Эзэн байсан гэдгийг нь үгүйсгэж байсан ч түүний ёс суртахуун зан чанарыг сургаалуудыг хүлээн зөвшөөрч байсан билээ. Гэдэ бидний дээр дурдсанчлан хэрэв Есүс өөрийгөө тунхаглаж байсан тэр нэгэн биш байсан бол түүний ёс суртахууны гайхшруулаад байгаа сургаалууд нь ч мөн адил үнэн биш байх боломжтой гэдгийг бид ойлгох хэрэгтэй юм.

Есүс өөрийгөө эртний зарлага Мүшэх Даниелтай зүйрлэшгүй нэгэн гэдгээ тунхаглаж байсан нь Сайн мэдээний номыг өнгөц төдий уншсан ч тодорхой харагдана. Гэхдээ бидний анхаарал хандуулах асуудал бол түүний өөрийгөө хэн гэж тунхаглаж байгаад оршино. Хоёр гол зүйл дээр төвлөрье.

• Есүс өөрийгөө Ертөнцийн Эзэн гэж /бурхан/ тунхагласан уу?
• Есүс Ертөнцийн Эзэн /бурхан/ гэхдээ Еврей Библи дээр гардаг орчлон ертөнцийн бий болгон бүтээсэн Бүтээгчийг хэлж байсан уу?

Энэ асуултанд хариулахдаа Матай 28:18 дээр хэлсэн Есүсийн үгэнд анхаарлаа хандуулъя: “Тэнгэр дэлхий дээрх бүх эрх мэдэл надад өгөгдсөн.” Энд эрх мэдэл “өгөгдсөн” гэж юуг илэрхийлж байна вэ?

Бидний сонссоноор Есүс хүний биетэй болон ирэхээсээ өмнө Аавтайгаа нэгдмэл хамт байсан бөгөөд Ертөнцийн Эзэн байсан учир бүх эрх мэдэл түүнийх байсан юм. Гэтэл Филипой 2:6-11 бидэнд хэлэхдээ Есүс хэдийгээр Ертөнцийн Эзэний хэлбэрт байсан боловч хүн болж төрөхийн тулд Ертөнцийн Эзэний бүх хүч чадлыг “тайлж” орхисон гэж байна. Тэгээд үргэлжлүүлэн хэлэхдээ Есүс дахин амилсаныхаа дараа урдныхаа цог жавхлан сүр хүчийг эргүүлэн авсан бөгөөд хожим “бүх хүн түүний өмнө Их Эзэн гэж өвдөг сөгдөнө.” гэсэн байдаг.
Тэгэхээр Есүс тэнгэр дэлхий дээрх бүх эрх мэдлийг эзэмшиж байгаа гэж хэлэхдээ юуг илэрхийлж байна вэ? Ромын дарлалд байсан Израйлчуудын хувьд Эрх Мэдэл гэдэг нэр томъёо үнэхээр ойлгомжтой зүйл байсан юм. Тэр үед Ромын эзэнт улс даяар Цезарь хамгийн дээл эрх мэдэлтэй нь байсан бөгөөд түүний зарилгаар мянга мянган цэрэг хөдлөн дайн хийж, гэмт хэрэгтнүүдийг залхаан шийтгэж, хууль цааз гарган даган мөрдүүлж, засгийн эрхийг баридаг байсан. Үнэндээ бол Цезарь өөрөө хүртэл өөрийнх нь энэ эрх мэдлийг бурханы эсвэл ертөнцийн дээд эрх мэдэл гэж итгэдэг байсан юм.

Тиймээс Есүс өөрийгөө ядаж л Цезарь шиг эрх мэдэлтэй гэдгийг тодорхой харууласан юм. Гэхдээ тэрээр өөрийгөө тэр үеийн Еврей удирдагч нар болон Ромын эрх баригчдаас илүү эрх мэдэлтэй нэгэн гэж хэлээгүй харин ч орчлон ертөнцийн хамгийн дээд эрх мэдэлтэй нэгэн гэдгээ тодорхой хэлсэн байна. Үүнийг сонсож байсан тэр хүмүүст Есүс өөрийгөө Ертөнцийн Эзэн хэмээн хэлж байгаа нь ойлгомжтой байсан юм. Зүгээр нэгэн бурхан биш харин Ертөнцийн Бүтээгч Цор Ганц Эзэн. Тэдний үг болон үйлдэл нь Есүсийг Ертөнцийн Эзэн байсан гэдэгт бат итгэж байсаныг нь харуулдаг.

Monday, October 20, 2008

Есүс Ертөнцийн Эзэн мөн үү? (3 дах хэсэг)

Есүс Шашины Агуу Удирдагч байсан уу?

Есүс үнэхээр “Шашины Агуу Удирдагч” гэдэг нэрийг хүртвэл зохих нэгэн мөн үү? Гайхалтай нь Есүс хэзээ ч өөрийгөө шашины удирдагч гэж зарлаагүй. Тэр хэзээ ч шашинаар хөөцөлдөөгүй бөгөөд ашиг сонирхолын ямар нэгэн зорилго тавиагүй юм. Харин түүний үйлчлэл тухайн үеийнхээ шашины байгуулалтуудаас бүрэн тусгаар байсан юм.

Есүсийг бусад шашны удирдагч нартай харьцуулахад гайхамшигтай ялгаа харагддаг. Хиндүү шашны соёлд өссөн Рави Закариас /Ravi Zacharias/ дэлхийн шашинуудыг судлаад Есүс Христ болон бусад шашны үндэслэгчдийн хоорондох үндсэн ялгааг ажиглажээ.

“Бид тэднийг хэн ч гэж өргөмжилсөн бай хамаагүй, нэгэн бодит үнэнийг анзаарахгүй өнгөрөх аргагүй юм. Тэд бүгд өөрсдийнхөө эсвэл ямар нэгэн арга барил, сургаалдаа чиглэсэн байдаг. Энэ бүхэнд амьдрах арга барил зааварчилгаа заавал байдаг. Хүн Зороастр руу хүрэх гэж түүний сургаалыг дагадаггүй түүний заасныг сонсох гэж түүнрүү ханддаг. Будда хүнийг чөлөөлдөггүй харин түүний сургаал танд заавар өгдөг. Мухамед таныг өөрчилдөггүй харин Коран судар таныг өөрчилдөг. Харин Есүс бол өөр Есүс зөвхөн өөрийн сургаалаа зааж түгээгээгүй. Сургаалтайгаа яг адилхан амьдарсан юм. ”

Закариасын энэ үнэний гол үзэл санаа бол Сайн мэдээний номууд дээр гардаг Есүсийн олон сургаалууд зөвхөн л “над дээр ир...”, ”намайг дага”, “миний хэлсэнийг дага” гэсэн байдагаар харагддаг. Түүнээс гадна Есүс өөрийнх нь ирсэн шалтгаан хүний гэмийг уучлах байсан гэдгийг тодорхой хэлсэн байдаг. Гэтэл зөвхөн Ертөнцийн Эзэн л үүнийг хийж чадна.

Өөр ямар ч шашны удирдагчид өөрсдийгөө хүний гэмийг уучлах хүчтэй гэж зарлаж байгаагүй. Гэтэл энэ л ганцхан Есүсийн бусдаас ялгарах онцлог байсан юм биш ээ. Хадсон Смит /Hudson Smith/ Дэлхийн Агуу Их Шашинууд гэдэг номондоо хэлэхдээ “’өөрийгөө хэн бэ?’ гэдэг асуултанд биш харин ‘өөрийгөө чухам хүн үү бурхан уу?’ гэдэг асуултанд хамгийн их ялгардаг хоёр хүн л байдаг нь Будда болон Есүс юм. Будда хожим хүмүүс өөрийг нь шүтэхээс болгоомжлуулах гэсэн мэт өөрийгөө бурхан биш энгийн хүн гэдгээ тов тодорхой хэлсэн байхад Есүс эсрэгээр нь, өөрийгөө Ертөнцийн Бүтээгч Эзэн гэдгээ нотлож байжээ.”

Wednesday, October 15, 2008

Есүс Ертөнцийн Эзэн мөн үү? (2 дах хэсэг)

Чадварлаг ёс суртахууны багш уу?

Бараг бүх эрдэмтэд Есүсийг үнэхээр чадварлаг ёс суртахууны багш байсан гэж үздэг. Үнэхээр ч түүний хүний ёс суртахууны талаарх бишрэм үзэл сургаал нь бусад шашинд хүртэл үнэлэгдсэн амжилт байсан юм. Еврей эрдэмтэн Жосеф Клауснэр (Joseph Klausner) “Назарын Есүс” хэмээх номондоо “Христ эртний хамгийн мэргэн хүмүүсийн ёс суртахууны үзэл сургаалыг хүртэл хол даван хаясан хамгийн ариун бөгөөд дээд зэргийн ёс суртахууныг бидэнд заасан гэдэг нь бүх дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн”1

Есүсийн уулан дээрх сургаалууд хүний ёс суртахууны талаар заасан хамгийн дээд зэргийн сайн хичээл байсан гэж тооцогддог. Үнэндээ бидний мэддэг хүний тэгш эрх-н талаарх үзэл баримтлалын ихэнхи нь Есүсийн сургаалын үр дүн юм. Түүх судлаач Уил Дурант (Will Durant) Есүсийн талаар хэлэхдээ: “Тэрээр хүний тэгш эрхийн төлөө амьдарч үүний төлөө байнгийн бэрхшээл зовлон туулж байсан юм. Хэрэв тэр орчин үед байсан бол сибирьт цөллөгдөх байсан бизээ. Та нарын дунд тэргүүн нь болохыг хүссэн хүн бусаддаа үйлчлэх ёстой гэж хэлсэн нь улс төрийн хамгийн агуу их мэргэн ухаан бөгөөд хамгийн зөв ойлголт юм.”гэжээ.

Зарим хүмүүс Есүсийн ёс суртахууний талаарх сургаалыг түүний өөрийнхөө талаар хэлж байсан тодорхойлолтуудаас салгаж ойлгохыг хичээдэг. Тэд Есүсийг ёс суртахууны талаар давгүй сургаал заасан сайн хүн төдий л ойлгодог. Энэ ойлголт Америкийг үндэслэсэн нэгэн “эцэгт” байсан юм.

АНУ-н ерөнхийлэгч байсан Томас Жефферсон, логик ухаанаараа гэрээрсэн тэрээр цагаан ордонд ширээн дээрээ хоёр адилхан Шинэ Гэрээ болон цаас зүсэгч, найм хэмжээтэй цаастай хэдэн шөнө сууж өөрийн “Назарын Есүсийн философи” хэмээх нимгэн номоо өөрийн библиэсээ тасалж, наасаар асар богинохон хугацаанд бичсэн байдаг. Шинэ гэрээнээс Есүсийн Ертөнцийн Эзэн байсныг илчилсэн бүх хэсгүүдийг тайрч авсаны дараа Жефферсон ёс суртанхууны сайн удирдамжаас илүүч үгүй дутуу ч үгүй Есүсийг бий болгосон юм.

Гэтэл гайхалтай нь Жефферсоны Тусгаар тогтнолын Тунхаг бичигт үлдээсэн мартагдашгүй үгс нь Есүсийн сургаалд үндэслэсэн байдаг: хүн тус бүр нас хүйс, арьс өнгө, нийгмийн гарал байдлаас үл хамааран Ертөнцийн Эзэнд асар их бөгөөд адилхан чухалд тооцогддог. Мөн энэ алдартай баримт бичиг нь үргэлжлүүлэн бидний хувьд доорх үнэн нь өөрийгөө нотлодог болно. Үүнд хүн бүр адил тэгш бүтээгдсэн бөгөөд Бүтээгчээс нь тодорхой халдашгүй эрх, эрх чөлөө өгөгдсөн байдаг...

Гэвч Жефферсоны хэзээ ч хөндөөгүй нэг асуулт бол: Хэрэв Есүс өөрийгөө Ертөнцийн Эзэн байсан гэж худлаа хэлсэн бол хэрхэн агуу их ёс суртахууны удирдагч байж чадах вэ? гэдэг асуулт байсан юм. Тиймээс магадгүй Есүс тийм ч агуу ёс суртахуунтай байгаагүй зөвхөн нэг шашин үүсгэх хувийн зорилготой байсан байх нь ээ. Тэгвэл түүний агуу их байсан чанарыг үүгээр тайлбарлах гээд үзье. /үргэлжлэл бий./

Friday, October 10, 2008

Есүс Ертөнцийн Эзэн мөн үү? (1 дэх хэсэг)

Есүс Ертөнцийн Эзэн мөн үү?

Та үргэлж бусдын анхаарлын төвд байдаг соронзон мэт бусдыг татдаг хувийн чанартай хүнтэй таарч байсан уу? Тэдний хувийн зан чанар уу эсвэл тэдний ухаан бодол ч байж болох юм ямарч байсан ямар нэгэн нууцлаг хүч тэдэнд байдаг. Хоёр мянгаад жилийн өмнө Есүс Христийн хувьд ч бас иймэрхүү байсан юм.

Есүсийг сонсож харсан бүхэнд түүний агуу их чанар нь илэрхий харагдаж байв. Гэвч олон агуу хүмүүс түүхийн номонд л мөнхрөн үлдэг бол Назар хотын Есүс өнөөг хүртэл олон ном зохиол хэвлэл мэдээллийн гол маргаантай асуудал хэвээрээ байсаар байдаг. Түүнчлэн тэдгээр маргааны ихэнхи нь Есүсийн өөрийнхөө талаар хэлсэн зоримог гэмээр тодорхойлолтуудыг тойрон эргэж байдаг.

Израйлын Галил нутгийн харанхуй бүдүүлэг тосгоны нэрд гараагүй мужаан гэж бодоход Есүс өөрийнхөө талаар хэрэв үнэн бол бидний амьдралд гайхамшигтай нөлөө үзүүлэх тодорхойлолтуудыг хэлсэн байдаг. Есүсийнхээр бол та бид агуу том ертөнцийн нэг чухал хэсэг бөгөөд Түүнтэй хамт тэр бүхний төв болсон онцгой хүмүүс болж байгаа юм. Энэ мэт тодорхойлолтууд нь сонсон хүн бүхнийг гайхан бишэрэхэд хүргэдэг билээ.

Чухамхүү Есүсийн хэлсэн эдгээр тодорхойлолтууд л түүнийг Ромын эрх баригчид болон Еврейн эрхтэн дархтан нарт нүд үзүүрлэгдэхэд хүргэсэн юм. Тэр хэдийгээр ямарч нийгмийн дээд гарал болон улс төрийн баттай байр суургүй байсан боловч гуравхан жилийн дотор түүнээс хойшхи 20 зууны турш хүн төрөлхтөнийг өөрчилж чадсан юм. Бусад ёс суртахууны болон шашны удирдагчид нөлөөгөө үлдээж байсан боловч хэн нь ч Назарын нэр алдаргүй тэр мужааны үлдээсэн нөлөөг гүйцэхгүй.

Юу Есүс Христийн ийм өөрчлөлт гаргахад нөлөөлсөн бэ? Тэр нэгэн агуу хүн байв уу? Эсвэл үүнээс илүү зүйл үүнд нуугдаж байна уу?

Эдгээр асуултууд биднийг Есүс үнэндээ хэн байв гэдэг нууцруу хүргэдэг. Зарим хүмүүс түүнийг ёс суртахууны алдарт багш байсан гэж үздэг зарим нь түүнийг дэлхийн хамгийн агуу шашны удирдагч байсан гэж итгэдэг. Харин олон хүмүүс түүнийг үүнээс ч агуу нэгэн байсан гэдэгт огт эргэлздэггүй. Христийнхэн Ертөнцийн Эзэн хүний хэлбэрээр бидний дунд ирсэн гэж итгэдэг. Үүнийг батлах нотолгоонд ч тэд эргэлздэггүй. Тэгэхээр Есүс жинхэнээсээ хэн байв? Бүгдээрээ үүнийг илүү тодруулан харцгаая.

Бид ийнхүү дэлхийн хамгийн маргаантай байдаг хүний талаар нарийвчлан харахад хамгийн түрүүнд дараах асуулт урган гардаг: Есүс зүгээр л нэг ёс суртахууны чадалтай удирдагч байсан юм биш биз?