Монголчууд бид төрөөсөө их
юм харж амьдрах юм даа. Бид өөрсдөө сэтгэлээрээ л өөрчилчих ёстой юмыг төрөөс
хүчээр зохицуулж байхыг өөрсдөө шаарддаг бөгөөд үүнийхээ төлөөсөнд өөрсдийн эрх
чөлөөгөө төрдөө эргүүлэн өгч байдаг.
Хүний нийгмийн амьдралд төр
хүн бүрт адилхан эрх, эрх чөлөө, ижил боломж олгох үндсэн үүрэгтэй. Гэвч
өнөөгийн Монголын нийгэмд төр нь ард түмэндээ хэрхэн амьдрах ёстойг нь юунд
итгэх ёстойг нь заах болжээ.
Монголын ийм нийгэмд Христэд
итгэгч монголчуудад хандах хандлага тун эмзэг зүйл юм. 90-ээд оны эхнээс
ардчилал эрх чөлөөний салхи салхилсан тэр үед хүн байдалтай байсан Монголын
нийгмийн ачааг гадаадын Христэд итгэгчид нэлээд үүрэлцэж байв. Гудамжны
хүүхдүүдээс эхлээд адгийн архичид болон элдвийн хүнд өвчтэй хүмүүст хүрч
үйлчилэх ямар л хүмүүнлэгийн ажил байна тэр бүхнийг Христэд итгэгчид л өөрсдийн
итгэл үнэмшилдээ тулгуурлан хийж төрийн хүч хүрэхгүй байсан олон нийгмийн
асуудлуудыг шийдэлцсээр ирсэнийг хэн ч үгүйсгэхгүй. Христэд итгэгчид нийгмийн
эмзэг давхаргийн хүмүүсийн амьдралын зовлонг бага ч болов нэмэглэх, тэдэнд амьдралын утга учир,
өөрсдийн хувийн үнэ цэнэ, үнэт зүйлсээ ухааран амьдралаа өөдрөгөөр хараад
зогсохгүй бусдын амьдралд сайнаар нөлөөлөгч болгон өөрчилсөөр ирсэн. Мөн ч олон
архичид архинаас гарч мөн ч олон нийгмийн засаршгүй гэмт хэрэгтэнүүд амьдралаа
цэгц шудрага болгон олон өсвөр насныхан ёс суртахууны өндөр хэм хэмжээнд
суралцан төлөвшсөн дөө.
Гэтэл өнөөдөр Христийн сүм
цуглаан байгууллагуудыг зөвшөөрөл өгөхгүй байх зэргээр нэлээд дарамтлан хяхах
болж. Хаа сайгүй бий болж газар сайгүй байгуулагдаж байгаа христийн янз бүрийн
урсгалын сүм цуглаанууд болон нийгэмд Христэд итгэх итгэл үнэмшил дээрээ
тулгуурлан сайн үйлс хийж байгаа байгууллага хувь хүмүүсийг өдгөө үндэсний
аюулгүй байдалд занал хийлж байна гэх болжээ. Тэднийг гадны шашин гэх болж.
Ардчилсан нийгэмд “гадны шашин” гэх ойлголт байх ёсгүй. Яагаад гэвэл хүн бүр
итгэл бишрэлтэй байх эрхтэй. Хэнийг ч энэ эрхээ эдлэсэнийх нь төлөө гадуурхан
ялгаварлах ёсгүй. Хэрэв бид ардчилалын ийн чухал үнэт зүйлийг хоосон хардалт
сэрдэлт дээр үндэслэн үгүйсгэж чадаж байгаа бол цаашид хэрхэн ард иргэдийнхээ
дунд шудрага ардчилалыг бий болгон төлөвшүүлэх билээ. Хэрэв монгол хүн итгэж
бишэрч л байгаа бол тэр итгэлийн систэмийг монголын төр хамгаалах ёстой. Мэдээж
бусдын эрх, эрх чөлөөнд халдсан, гэмт хэрэг нийгмийн ёсзүйд сөрөгөөр нөлөөлсөн,
хүнийг хохироосон үзэл сурталтай шашны гаж номлолтой итгэлийн системийг аль
болох оновчтой судлан тогтоож “хар дансанд” оруулж болно. Гэтэл Христэд
итгэгчид өнөөг хүртэл монголын нийгэмд ийм гай, буруу нөлөөлөл үзүүлсэн гэж үү?
Мэдээж уулын мод урттай
богинотой гэсэн ардын сайхан зүйр үг байдаг шиг. Христэд итгэгчдийн дотор бүтэх
бүтэхгүй нөхөд байхыг үгүйсгэхгүй. Гэвч итгэлийн үндсэн систэмийг харвал энэхүү
итгэл үнэмшил нь “өстөн дайснаа өрөвдөн хайрла” “хөршөө өөрийн адил хайрла”
харыг цагаанаар мууг сайнаар дийлж сурах гэсэн ёсзүйн өндөр хэм хэмжээн дээр
суурилсан байдгийг харахад л өнөөдөр монголын нийгэмд тэр ч бүү хэл улс төр
болон бусад бүх салбарт төлөвшүүлэх сайлшгүй шаардлагатай үнэт зүйл болохыг
харж болно.
Христэд итгэгчид Монголын
нийгэмд ямар хор хөнөөл тарьж байна вэ? Ямар гэмт хэрэг өдөөж монгол хүний ямар
үнэт зүйлийг устгаж байна? Хэрэв Христэд итгэдэг монгол хүнтэй уулзаж ярилцах
аваас тэд бүгд л энэ улс орноо хайрласан, монгол хүнийг хайрласан сэтгэлтэй
явдаг. Тэд бүгд л энэ улс орныг урагш явахад нь саад болж байгаа шудрага бус
байдал, авилга хээл хахуулыг эсэргүүцэж, Монголыг монгол хүмүүс урагш авч явах
болно гэдэгт энэ улсын ямар ч иргэдээс дутахааргүй (зарим тохиолдолд бүр илүү)
итгэж үүнд хувь хүнийхээ хувьд чадах бүхнээ зориулан явж байдгийг мэдэрч болно.
Ер нь ч ардчилалын нэг
үндсэн зарчим бол хүнийг гэм буруутай гэдгийг шүүхээр нотлоогүй цагт гэмтэн мэт
хандахыг хориглосон байдаг. Түүнээс гадна хэн нэгэн этгээдийн алдаатай үйлдийг
бусад ижил төстэй итгэл үнэмшилтэй хүмүүст давхар тохон нийт бүлгээр нь
хоморголон буруутгах нь бидэнд эргээд 39 оныг л авчирах болно.
Сумын засаг дарга хүн орон
нутгийнхаа телевизээр манай аймагт хэт олон Христийн сүм цуглаан байна тэдний
тоог цөөлнө. Нэмж зөвшөөрөл өгөхгүй гэх мэтийн зүйл ярьж сууна гэдэг бол өөрийн
сонгогдож гарч ирсэн ард түмнийхээ эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа явдал юм.
Үүнийг нэгдүгээрт, төрийн зүгээс ард иргэдээ шашин шүтлэгээр нь ялгаварлан
гадуурхаж байгаа явдал, хоёрдугаарт, ард түмнийхээ цөөнхөд (хэдий олон сүм
цуглаан байгаа ч бид цөөнх хэвээрээ л байна) хандан гаргаж байгаа заналхийлэл,
цаашилбал итгэл үнэмшилээрээ нэгдэн нийлэх эрхийг нь боймолж, өөрийн итгэл
үнэмшилээ чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь хязгаарласан дарангуйлал гэж ойлгохоос
өөр аргагүй.
Христэд итгэгчид бид
өөрсдийн эрх эрх чөлөөний төлөө үгээ хэлж дуу хоолойгоо нийлүүлэх цаг болжээ.
Бид Монголын 2-р зэргийн иргэд биш бусадтай адил итгэж бишрэх, итгэл үнэмшилээ
чөлөөтэй илэрхийлэх бүрэн эрхтэй бөгөөд үүнийхээ төлөө төрийн зүгээс ямар ч
буруутгал мэдрэх ёсгүй. Юунд итгэж хэзээ хаана нэгдэж нийлэн, итгэл үнэмшилээ
бусадтай хуваалцан, илэрхийлэхийн тулд бид зөвшөөрөл авдаг нь буруу. Магадгүй
үйл ажиллагаагаа тайлагнах, хийж байгаа ажил байгуулж байгаа байгууллага сүм
цуглаанаа улсын бүртгэлд бүртгүүлэн хуулийн өмнө хариуцлага хүлээх нь зүйтэй
зүйл байж болох.
Ер нь ч Христэд итгэгчдийн
дунд газар доорх сүм (underground church) гэх ойлголт байдаг. Дэлхийн хязгаар
хүртэл явж сайн мэдээг тунхаглан үндэстэнүүдийг миний дагалдагч болго гэсэн
үндсэн үүрэгтэй энэхүү итгэлийг яаж хааж боосон ч тэд газар сайгүй ургасаар
байх болно. Түүхийн турш тэд энэхүү үүргээ биелүүлэхийн төлөө амиа ч хайрлах
хүмүүс биш гэдэг нь батлагдсан. Тиймээс төрийн зүгээс хэрэгжүүлж болох хамгийн
зүйтэй арга бол тэдний чөлөөтэй үйл ажиллагаагаа явуулах эрхэнд нь
халдалгүйгээр бүртгэж тэдний хийж байгаа ажил үйлчлэлийн тайланг тодорхой цаг
хугацаанд гаргуулан авч нэгтгэн дүнгэж үзвээс Христэд итгэгч хэмээгч эдгээр
хүмүүс чухам ямар нөлөөтэй ямар сайн сайхныг бүтээж чадах чадвартайг бэлхнээ
харж чадна. Мэдээж тэдний дунд бусдын эрхэнд халдан хууль зөрчсөн үйлдэл
илэрвэл хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн ажиллах нь зүйтэй боловч гэм зэмгүй
яваатай нь хоморголон хандаж “та хэд хэт олуулаа болж болохгүй” гэсэн хар
сэжигээр хандах нь төрийн үүрэг хариуцлага биш тэр ч бүү хэл ардчилсан нийгмийн
үнэ цэнэ ч биш билээ.